Ч. Сайханбилэг: Та бид хоёр Элбэгээ даргын тухай ярих гэж уулзаагүй биз дээ

    “Ярилцъя” булангийн энэ удаагийн зочноор парламент дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ч.САЙХАНБИЛЭГ уригдлаа.

    -Манай улс төрийн хоёр том тулгуур хүчин хоёр дахь удаагаа хамтарч төр барих шийдэлд хүр­лээ. Гэвч “Эднээс юу ч хүлээ­гээд нэмэргүй” гэх үгийг ам болгон уна­гаж байна ?

    -Та асуултдаа хоёр дахь удаагаа гэх баримтыг илүү онцолж хэллээ. Мэдээж эх­ний удаа юу болсон бэ гэд­гийг эхэлж дурьдах ёстой байх. Жаахан тийм бүдүүлэг жишээ татан хэлэхэд эхний удаа хайр сэтгэлгүй хүмүү­сийг хүчээр нийлүүлэхээр гэр бүл юу болдог билээ, яг тийм л юм болсон гэж хэлж боло­хоор юм болсон л доо. Яа­гаад гэхээр сонгуулийн үр дүнгээр ерөөсөө хуулийн дагуу хамтарч засаг байгуу­лахаас өөр аргагүй болчих­сон. Өөрөөр хэлбэл хүчээр нэг гэр лүү чихээд оруулчих­сан л гэсэн үг шүү дээ. Хоёр дахь удаагийнх бол арай өөр нөхцөл байдлаар тайлбар­лах зүйл. Ахиад нөгөө жи­шээн дээрээ хэлэхэд хоёр хүнээр яривал аль аль та­лаасаа хайр сэтгэл гаргаж байж гэрээ барьж байна гэ­сэн үг. 18 жилийн улс төрийн үйл явцаа эргэж харлаа. Аль аль талдаа цэгнэлээ. Сур­гамж авлаа. Хаа хаанаа хэр­сүүжсэн. Хэрэв ерээд онд иймэрхүү үр дүн гарчихсан бол шууд Засгийн газраа байгуулаад л явчихна. Гэтэл өнөөгийн улс орны маань нөхцөл байдал ямар байгаа билээ. Бид юунд хүрэв. Одоо цаашдаа яах ёстой юм гэд­гийг аль аль талаасаа нухац­тай тунгаасны үр дүнд ийм шийдэлд хүрч байна шүү дээ. Хамаагүй бид сөрөг хүчний хэв маягаа хадгалаад, бүг­дийг сөрж зогсчихоод байж болно. Гэхдээ үүний үр дүнд хэн хожих юм бэ. Монголын ард түмэн бол хэзээ ч хож­сон­гүй. Бид ахиад дөрвөн жил үр дүнгүй, эцэс төгс­гөлгүй хэрүүл тэмцлээр улс орноо сульдаах гэж үү. Сөрөг хүчинд бол дандаа ард тү­мэнд хайрлагдах, таалагдах бололцоо олддог л доо. Энэ бололцоогоо хадгалаад бай­гаад байх уу үгүй юу. Нөгөө талаас Ардчилсан намын хувьд та бүхний өмнө хаалга, цонх хамаг юмаа нээж дэлгэж тавьж байгаад өчнөөн удаан тал бүрээс нь л ярьлаа шүү дээ. Тэгээд Ардчилсан намын эрх ашгийг дээр нь тавих уу, ард түмний эрх ашгийг дээр нь тавих уу гэдэг асуултад өөрсдийн хариуг гаргалаа гэж ойлгож болно. Эргээд нөгөө талдаа ахиад нэг дөр­вөн жилийг Монгол Улс ингэж алдаж байхаар юм хийгээд үзье, ард түмэндээ ашигт малт­малын орлого баялгийг нь авчирч өгье гэсэн тэр үзэл санаа дийлээд, аль аль та­лаасаа шийдэлд хүрсэн. Тийм учраас эхний тэр хүчээр орсон нэгдлээс хамаагүй илүү хүчтэй нэгдэл байх бо­лов уу гэж бодож байгаа. Бас энэ нэгдэл удаан явахын нөгөө нэг үндэс нь манай Ардчилсан нам дотор байгаа УИХ-ын гишүүд маань учраа ололцож чадсан. Яагаад гэхээр зэрэг Ардчил­сан нам чинь ганцаараа л элдэв бүлэг фракциа ил зар­лаад л, сонин хэвлэлийнхэн ч хаана хаа­наа хэн нь багт­дагийг зар­лаад л явдаг. Шулуухан хэлэхэд 28 тэрслүү бодолтой хүмүүс байснаас хоёр гурван том хэсэгт ху­ваагдаад явж байсан нь эргээд нэг байр суурь олоход хамаагүй амархан байдаг. Тэр үндсэн дээрээ фракцийн юм уу, эсвэл үзэл бодлын энэ янз бүрийн олон ургальч хэлбэ­рүүдийг зөв зангидаж чадах юм бол өөрөө их эрүүл зүйл. Энэ утгаараа ч гэсэн өнөө­дөр эв зүйгээ ололцоод гэр орноо бид барьж чадлаа. Монгол Улсыг хөрш орнууд­тай нь харьцуулаад үзэх юм бол дунд нь бид нэг таван ханатай гэрээ бариад авлаа шүү дээ. Өнгөрсөн зуны хоёр гурван сар энэ хана нь таарч байна уу, тооно унь нь эвлэх нь үү гэж ноцолдсоор бай­гаад нэлээн гайгүй гэр ба­риад авсан. Хүн гэрээ барь­чи­хаад юу боддог билээ. Ажил­тай байх, орлоготой байх, орлогоо амьдралдаа хүр­гэх тухай л боддог биз дээ. Энэ юм руугаа л явна даа.

    -Хэрэв ард түмнийг хууль тог­тоогч гэж үзвэл тэд албан ёсны гэж үзэж болохуйц нэг л тойрог зурж өгсөн шүү дээ. Тэр тойрог дотор нь ажиллах боломж өнгөрсөн дөр­вөн жил олгогдсон. Тэгж чадаа­гүй. Гэтэл одоо та нөхөд тэдний гараар зурагдаагүй өөр тойрог дотор тоглож байна гэвэл та юу гэх бол?

    -Ард түмэн хууль тогтоогч гэж та маш гоё хэллээ. Тэгэхээр одоо ард тү­мэн өөрөө юу хүсч байгаа юм бэ. Тэ­рийг нь одоо маш сайн мэдрэх хэрэг­тэй.Сая бас хоёр гурван сарын турш улстөрчид нь хоорондоо зөв юм хийлээ, буруу юм хийлээ гэж зөндөө маргалаа шүү дээ. Би яг сая анхду­гаар чуулган түр завсарлангуут той­рог дээрээ хэд хоног нэлээн ажил­ла­лаа. Баянзүрх дүүргийн 24 хорооны­хоо талаар нь явчихлаа. Маш олон иргэд, хүмүүстэй уулзалт хийлээ. Ерөнхийдөө зөв юм хийжээ гэсэн тэр итгэл үнэмшил маань улам зузаар­лаа. Ер нь бол яг одоогийн бидний бай­гаа энэ нөхцөл байдал дунд, дол­дугаар сарын 1-ний үйл явдлын да­раа, тэр тусмаа ард түмэн ийм их юм хү­сэн хүлээж байгаа энэ цаг үед үнэ­хээр хамтрах нь зөв байжээ гэсэн тэр итгэл үнэмшлийг улам бүр буу­лаа. Би сая хэдэн мянган хүнтэй уулзаж явлаа.

    -Налайхаар бол арай очиж амжаагүй байгаа юм аа даа ?

    -Налайхаар очиж арай амжаагүй байна.

    -Өчигдөр очиж уулзаж үзэхэд Налайхынхан их ууртай байсан. Таныг загнаж байна лээ. Тэр нөхөр алга болчихлоо гэж?

    -Баянзүрхийнхэн бол аягүй баяр­тай байна. Хуучин гишүүд нь сонгог­доод л дөрвөн жил алга болдог байсан. Одоо УИХ-ын сонгууль болоод хоёр гурав­хан сар болж байхад буцаад хүрээд ирлээ. Сонгогчидтойгоо уул­заж байна. Асуудлаа ярьж байна. Би­дэнтэй хамт байх юм байна гэж хэлж байна. Би Налайх руу орон нутгийн сон­гууль гээд чуулган хэд хоног зав­сарлах байх, тэр үеэр тэртээ тэргүй очно. Манай тойрог чинь Монгол Улсын хамгийн том тойрог шүү дээ. Зөвхөн сонгогчдынх нь тоо 165 мянга байдаг. Өрхийнх нь тоо 60 мянга.

    -Өнгөрсөн сонгуулийн үр дүн МАХН-д үнэмлэхүй ялалт авчир­сан. Гэхдээ энэ үнэмлэхүй ялал­тын­хаа дараа тэд ачаагаа ганцаа­раа үүрэхээс татгалзчихлаа. Энэ шийд­вэрийг хариуцлагаас зугтаж бай­гаа явдал гэж тайлбарлах хү­мүүс олон байна?

    -Ер нь хариуцлага бол нэг л байна гэдгийг би онцлон хэлмээр байна. Тэ­рийг хэн үүрэх вэ гэдэг нь л өөр асуу­дал. Хариуцлага бол 2012 онд аль аль намд нь л хүрч ирнэ. Яагаад гэвэл ачааг бол хамтарч үүрч байна.

    -Хариуцлага алдвал “Алтан­гадас” ганцаараа биш Ардчилсан нам хүлээнэ гэсэн үг үү?

    -Ер нь бол бид улс төрийн нэг дүрмээ зөвшөөрмөөр байгаа юм. Тэр нь “Алтангадас” гэх нь үү, хэн нь гэх нь үү хамаагүй. Нам бол тухайн дөр­вөн жилд ямар үзэл баримтлал ба­римталж ажиллах вэ гэдгээ олон­хоо­роо хуралдаж байгаад шийддэг. Тэ­гээд тэр бодлогыг, тэр хариуцлагыг ту­хайн удирдаж яваа хэсэг нь авч яваад л дөрвөн жилийн дараа ажлаа дүгнүүлдэг шүү дээ. Ялагдсан хэсэг нь буюу тухайн үед олонхи бүрдүүлж ча­даагүй хүмүүс нь дандаа хонзог­ноод ч юм уу, эсвэл тэрүүгээр явж байна энэ тэр гэх юм бол олонхоороо цуглаж, олонхи цөөнх болж асуудлаа ярихын утга учир нь бас ерөөсөө байхгүй болчихож байгаа юм. Монго­лоос өндөр хөгжилтэй ардчилал хөгжсөн орнуудын ялгаа нь яг дөрвөн жилд одоо юу гэдэг юм Бушийн зас­гийн газрын гэдэг ч юм уу, тэр хүмүүс нь л Бүгд Найрамдах намынхаа өн­гийг тодорхойлоод л, засаг захир­гаа­ны­­хаа өнгийг тодорхойлоод ингээд явдаг шүү дээ. “Алтангадас” гэж таны онцлоод байгаа бүлэглэлийн нэг авах юм нь тэд сая гарч ирлээ гэхэд жи­шээл­бэл хуучин шигээ бусад бүх бүлэг фракцуудаа түлхээд гаргачих­сан­гүй шүү дээ. Одоо манайд нөгөө улаан нь ч байна, цагаан нь ч байна гэдэг шиг Ардчилсан намын доторх бүх бүлэглэлүүдийн төлөөлөл нь пар­ламентдаа ч байна, Засгийн газартаа ч байна. Энэ нь өөрөө менежментийн хамгийн зөв шийдэл болсон болов уу. Юун зөвхөн Ардчилсан нам дотроо бие биенээ шахах өрсөлдөгч МАХН-тайгаа нийлээд гэрээ бариад явж байгаа тохиолдолд энэ хэлбэрийг хамгийн эрүүл, хамгийн зөв тохироо гэж л хармаар байгаа юм.

    -Дандаа л сөрөг асуултууд тавигдаж байгаад битгий эмзэг­лээ­рэй. Учир нь сөрөх, хардах, хя­нах үүрэг нь жинхэнэ утгаараа хэв­лэл мэдээллийнхний өмнө ир­сэн гэж ойлгож байгаа. Бид л сө­рөг хүчин болж ажиллахаас өөр арга алга?

    -Зүгээр зүгээр. Таны техникийн л асуудал. Таны хэлж байгаа зарчим ч зөв. Гэхдээ өнгөрсөн 18 жилийнхээ түүхийг эргээд харахаар үнэхээр бас зарим тохиолдолд зүгээр л сөрөхийн тулд сөрөөд явчихсан алдаанууд зөндөө байдаг байхгүй юу. Өнгөрсөн дөрвөн жилээ хар л даа. Хичнээн ихийг хийж амжуулах хугацааг алдав. Өдөр болгон бид нэг сая доллар ал­даад л явж байгаа. Тооцоод үз л дээ. Тэр мөнгөөр бид юу хийж болох байв. Ер нь бол дашрамд нь нэг зүйлийг хэлэ­хэд яг одоохондоо юу моодонд орчих­сон байна вэ гэхээр тийм нэг шүүм­жилсэн, юмыг дандаа сөрөг өнц­гөөс нь харсан, нураасан ийм үйлдлүүдийг хүмүүс илүү сонирхдог цаг үе ирчихсэн юм болов уу гэж бо­догддог. Ажил ярих гэж байгаа нь, эс­вэл эвлүүлье, нийлүүлье, бүтээе гэж ярьж байгаа хэсгийнхний дуу хоолойг хү­мүүс сонсохоо больчихсон. Энэ бол манай нийгмийн түр зуурын л онцлог байх. Яваандаа ажил хийдэг хүмүүсээ сонсдог болно. Юм хийе, бүтээе гэж байгаа хүмүүсээ дэмждэг, ойлгодог, хүндэлдэг болно. Бид нарт яг одоо бол сөрөх шүүмжлэх тэр агаар хангалттай бүрхсэн байгаа. Парла­мент дотроо ч гарна, гадаа гудамжинд ч байх учраас. Тэрний хомсдолд бол жишээ нь хэзээ ч орохгүй гэж бодоод байгаа юм л даа. 

    -Манай засаглагчдийн амнаас “Улсаа үсрэнгүй хөгжлүүлэх түү­хэн бололцоо одоо л гарч ирлээ” гэх нэг үг их унаж байгаа. Өнгөр­сөн дөрвөн жил тэгэхээр ямар үе нь байсан юм бэ?

    -Өнгөрсөн дөрвөн жилийг дандаа хараар харахыг би хүсдэггүй. Бүх юм л болж бүтээгүй юм шиг, тийм үү. Яа­гаад гэхээр 2004-2008 оны энэ завс­рын үе байгаагүй бол одоо өнөөдрийн улс төрийн хувьд гараад явж байгаа шийд­вэрүүд хэзээ ч гарч чадахгүй бай­сан. Өөрөөр хэлбэл улстөрчид маань буюу шийдвэр гаргагчид хэр­сүүжлийнхээ нэг том үеийг туулаад гарчихлаа шүү дээ. 2004 оны энэ турш­лага байгаа учраас бид нарт үнэ­хээр одоо энэ дөрвөн жилд юм хийчих болов уу гэсэн энэ том хүлээлт, итгэл найдвар байгаад байгаа юм.

    -Засаглалын дээд төвшинд ажил­лах хурдаараа ялгарсан хэд хэ­дэн кадрууд гарч ирлээ. С.Баяр, С.Баярцогт, та…гэх мэт. Нийгэм да­гаад хурдлах аяст хөтлөгдөж бай­на. Өөрөөр хэлбэл бид яг та нар шиг яардаг болсон гэсэн үг. Одоо монголд ганцхан хүлээлт бай­на. Уул уурхайн салбартай хол­боотой хүлээлт. Гэсэн ч шийдэл нь алга?

    -Би төрийн алба хашиж байгаа хү­мүү­сээс зүгээр л нэг өдөр хоног өнгө­рөөх гээд, зүгээр л нэг цалин авах гээд сууж байгаа ийм хүмүүсийг хара­хаар үнэхээр өөрийн эрхгүй холдоод байдаг. Дотор эвгүй оргидог. Хүн бол гол нь ажиллах хэрэгтэй. Алдаж бол­но. Гэсэн ч ажиллах л хэрэгтэй. Мон­гол­чууд бид сэтгэлгээндээ ч гэсэн өөрч­лөлт оруулмаар байна. Гадны хүмүүстэй уулзаад тэдний өмнө ичиж нэрэл­хэх юмгүйгээр 18 жил яаж зовж зүдэрснээ, ямар хүнд хэцүү байгаа­гаа тоочоод унадаг. Тэр зүйлээ л эх­лээд яриад унадаг. Энэ зан нь мон­голын нүүрэнд аль хэдийнэ шошгыг нь наагаад өгчихлөө. Энэ нөхдүүд ал­гаа дандаа тосдог. Эдэнд нэг ийм л хэм­жээний юм шидчихэд болдог гээд 300 сая долларын хэрээний юм л сар­вайсан гаран дээр нь тавьчихад бо­лоод байдаг юм аа гээд ингээд бидний хэм хэмжээг хүртэл тодорхойлоод өгчихлөө. Гэтэл бид урдаас нь “Бид бол тэгш эрхтэй хамтрах партнёр чинь шүү, түнш чинь шүү. Бидэнд ийм ийм бололцоо байна” гэж дуугарах ёстой үе ирчихээд байна. Манайд уул уурхай, эрдэс баялаг, аялал жуулч­лал,мэдээллийн технолог гээд гадны­хан­тай яг нэг төвшинд яриад байх сал­барууд бий болчихлоо шүү дээ. Уламж­лалтаасаа гадна. Яг үүн дээр партнёр гээд ярих юм бол нөгөө 300 сая доллар чинь Гурван тэрбум, 30 тэ­рбум гээд яваад өгөх бололцоо нь га­раад ирж байна. Бид ядуугаараа түрий барьж байна. Бахархаж байна. Эсвэл би ажилгүй гэдгээрээ бахар­хах гээд байна. Бид дээрээ ч, доороо ч сэтгэхүйндээ өөрчлөлт хиймээр бай­на. Одоо бид эхний ээлжинд улс тө­рийн шалтгаанаар зогсчихсон байгаа том том төслүүдийг гацаанаас гаргана. Үүний төлөө бүх намууд, эдийн засагчид, уул уурхайн салба­рын­хан, иргэний хөдөлгөөнүүд, га­даад дотоодын хөрөнгө оруулагчид, хууль тогтоогчид, иргэд сонгогчдын тө­лөлөгчид бүгд ороод хамтраад эх­ний ээлжинд үндэсний хэмжээний нэг том зөвшилцлийн уулзалт хийчих­мээр байгаа юм. Ингэж байгаад бодлого чиглэлээ гаргаад авах хэрэг­тэй байна. Үүний дараа асуудал маш амархан эргэлтэд орно.

    -Уулзалтууд бол янз бүрийн түвшинд их явагдсан шүү дээ. Гэвч эцэст нь итгэл алдрах байдал л газар авсан?

    -Ахиад сануулахад тэр уулзалт ямар гэр дотор боллоо. Гэрээ ч барих­гүй гадаа гудамжинд л бид хэрэлдээд бай­сан шүү дээ. Одоо шийдвэр гар­гагч­дын төвшин чинь өөрөө нэг цул бол­чихлоо. Хоёрдугаарт, нийгмийн том хүлээлт энэ шийдвэр гаргагчдыг хур­дан ажиллахгүй бол болохгүй гэ­сэн энэ шахаанд оруулчихсан. Одоо бол нөгөө Чингисийн үеийн их хурал­дай шиг нэг том цуглаад, энэ асууд­лаа тойрч яриад гарахад гарах үр дүн нь шал өөр болноо. 2012 онд ард тү­мэн­дээ энэ уул уурхайн баялгаас олох орлогыг ард түмэндээ аваачиж өгч чадаагүй улстөрчид МАХН нь ч бай, АН нь ч бай тойргууд дээрээ юу хэлж очих юм бэ. 

    -Саяхан нэг улс төрийн намын дарга хэлсэн. Монголд улс төрийн хамгийн нэгдүгээр асуудал парла­мен­тын болон орон нутгийн сон­гуу­лийн зохицуулалтыг шинэчлэх явдал гэж. Таны хувьд яг одоо манай улс төрийн нэгдүгээр асуу­дал юу вэ?

    -Наадах чинь хамгийн чухал асууд­луудын нэг нь. Манайд орон нут­гийн буюу дунд доод шатны удирд­лагыг түшиж амьдардаг бүхэл бүтэн нийгмийн давхарга гарчихаад байна шүү дээ. Тийшээ нь ерөөсөө салхи ор­доггүй. Тэр бүх хүмүүс нь дотроо юмаа шийдээд явчихдаг. Энэ рүү сал­хи оруулахгүй бол болохгүй ээ. Энийг хамгийн түрүүн шийдэх гарц нь их хурал, орон нутгийн сонгууль нэг өдөр, нэг системээр явагддаг байх яв­дал. 2012 оноос энэ системээр яваг­дана гэдгийг бол хуульчлаад гар­гачихсан байгаа. Үүний дараа харь­цан­гуй энэ байдал нь өөрчлөгдөх бо­лов уу гэж найдаж байгаа. Сонгууль тойрсон асуудлуудаа бид нэгмөсөн цэгцэлмээр байгаа юм. Сонгуулийн жилийн төлбөр нь монголчуудад аягүй хүнд тусч байгаа байхгүй юу. Энэ жилийн хөрөнгө оруулалт дөнгөж 36,1 хувьтай явж байна шүү дээ.

    -Одоо орон нутгийн сонгууль явагдаж байна. Дээд төвшиндөө эвссэн танай хоёр намын хамтар­сан бүлэглэлийг хүмүүс томсгож өргөжүүлсэн нэг том нам гэж үзэж эхэлж байна. Ийм тохиолдолд танай хоёр намыг орон нутгийн сонгуульд хоорондоо өрсөлдөнө гэж харахад хэцүү?

    -Би танд ярьлаа. Энэ дунд, доод төвш­ний бугшсан тогтолцоо руу сал­хи оруулах цаг болсон гэж. Засаг даргыг 18 жил хийсэн хүн байна. Хаан юм уу, юу юм. Ийм болчихсон юмнуу­даа л засъя гэж ярьж байна. Үүний тө­лөө л бид сонгуульд орно. Энэ хоёр нам дээрээ хамтарчихсан юм чинь гу­рав дахь хүчинд энэ удаа орон нут­гийн сонгуульд боломж олдоно гэж ярьж байгааг би их гэнэн улс төр гэж хэл­нэ. Манайд өнөөдөр гуравдагч хүчин засаглахад бэлэн биш байгаа. Үүнийг хаа хаанаа л хэлэх ёстой. Гурав дахь хүчин гарч ирэхийн тулд өөрөө төлөвшлийн маш том үе шатыг туулах шаардлагатай. Өнөөдөр гурав дахь хүчин гэж хэнийг хэлэх юм. ИХН гээд л явж байсан. Удирдлага нь хоёр ху­ваагдаад нэг хэсэг нь Ардчилсан нам руу ороод л ирлээ ш дээ. 76 той­рог дээр нэрээ дэвшүүлээд өрсөлд­дөг тийм гурав дахь хүчин гэж байна уу. Байхгүй шүү дээ. Зүгээр нэг нэг той­рог дээр юм уу, нэг хороон дээр хүмүү­сээс санал авахын тулд гурав дахь хүчний орон зайг ярьж байгаа нь том улс төр бол биш л дээ.

    -МАХН орон нутгийн сонгууль­даа баахан компанийн захирлуу­дыг дэвшүүлсэн байна лээ. Харин АН олонд танигдсан хүмүүсээ оруулж байгаа. Энэ шийдвэр на­мын халуун тогооноос, хар хайр­цаг­наас гарч байгаа бодлого уу, эсвэл нэгдүгээр эгнээнийхэнд түрэгдсэн амбицаараа хөдөлж байгаа шийдвэрүүд үү?

    -АН-ын хувьд бол орон нутгийн хурлын сонгууль маш чухал гэдгийг ойлгоод л шийдэж байгаа явдал. Яагаад гэвэл бид бүх анхаарлаа толгой руугаа хандуулж ирсэн сого­гоо засахаар шийдсэн. Гэтэл толгой гарч ирсэн ч дор нь хөдлөх хөл нь байх­гүй явж ирсэн. Ийм тохиолдолд тол­гой хичнээн гоё юм сэдээд, гоё бод­лого гаргаад хэрэгжилт нь зөрөөд, нэг хэмнэл дээр явж өгөхгүй байхаар бод­лого нь хэрэгжихгүй зогсчихдог л доо. Олон түмэнд танигдсан гишүү­дээ нэр дэвшүүлж байгаа нь саналаа л авах зорилготой. Хүмүүс жишээ нь таны асуултыг хараад мөнгө сонгох уу, эсвэл энэ нийгмийн хүлээлт бол­сон, улс орны өмнө тулгамдсан асууд­луудыг шийдвэрлэхэд хүчтэй түлхэц болж чадахуйц манлайлагч на­рыг сонгох уу гэдгээ нэг их эргэл­зэх­гүйгээр шийдчих болов уу гэж бодож байна. Ирц л сайн байгаасай. Хүмүүс иргэний үүргээ ухамсарлаад бүгдээ­рээ ирж саналаа өгөөсэй л гэж хүсч байна.

    -Танай намын хуучин дарга Ц.Эл­бэгдорж АН-ыг хамтарсан Зас­гийн газарт орох шийдвэрийг эрс буруушаасан. Байр сууриа ч нэлээн хатуу хэлж байгаа. Та хоёр багагүй ойр явж ирсэн улстөрчид байх. Харин өнөөдөр хоёр өөр шугаман дээр зогсч байна. Гэхдээ та нэр хүнддээ хасах оноотой­гоор?

    -Өнөөдөр юу моодонд ороод байгаа талаар би түрүүн танд хэлж бай­сан. Их л тийм хурц, ширүүн шүүмж­лээд, тэр ч болохгүй байна, энэ ч болохгүй байна гэдэг хүнийг илүү сонсдог болчихсон тухайд. Ийм юм хийх гэж байна. Түүний тулд ийм бэрх­шээл байна. Тэрийг тэгж шийдэх гэж байна гэж хөгжлийн асуудал хөндөж байгаа хүмүүсийг нэг их сонирхохоо байчихаж. Сэтгүүлчид дээр хүртэл ажиглагддаг л даа. Хаана болж бүтэхгүй юм ярьж байна. Тэнд л манай сэтгүүлчид овоорч байдаг. Ажил төрөл ярьж яваа хүмүүсээ нэг их тоохгүй маягтай. (инээв) Гэхдээ энэ нь өөрөө нийгмийн тусгал л даа. Бу­руут­гах юм алга. Тэгээд яахав ийм зүйлээс болж хасах оноо авах, хэн нэ­гэн дээр нь нэмэх оноо очих миний хувьд сонин биш. Би бол энэ 27 гишүүнтэй бүгдтэй нь хэвийн харил­цаатай. Элбэгээ даргатай ч мөн адил. Яахав ажил төрлөөс болж муудах, сай­дах юм гарах алийг тэр гэхэв. Манай Элбэгээ даргад авах чанарууд ч олон бий. Шүүмжилмээр дутагд­лууд ч зөндөө бий.

    -Жишээ нь?

    -Бид хоёр чинь Элбэгээ даргын тухай ярих гэж уулзаагүй биз дээ. Үнэн­дээ манай Элбэгээ дарга хүн сон­сохдоо маш муу. 10 жилийн өмнө байсан одооны байгаа Элбэгээ дарга хоёр хоорондоо их ялгаатай хүмүүс бол­сон. Алдаа оноог нь хөндөөд хэлж өгөх гэсэн хүмүүсийн үгийг хүлээж авахаа больсон. Тэгээд үүнээсээ болж алдаа гаргадаг болсон. Ердөө л энэ. Гэхдээ энэ асуулт надад таалаг­дахгүй байна. Хэрэггүй болов уу. Учир нь бид нэг нэгэндээ сонин хэв­лэл­гүйгээр алдаа оноогоо яриад яваад болоод ирсэн. Цаашдаа ч бо­лох байх гэж бодож байна.

    -Албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөд бэлэн хэдэн нөхөд гэх үг хаа сайгүй нисч байна. Та тэдний нэг мөн үү? 

    -Үгүй, одоо би мэдэхгүй байна. Бүлгийн даргын сэтэр авчихсан болохоор тэр ангилалд нь орох л юм байлгүй дээ. Гэхдээ надад прогматик зорилтууд байгаа. Үнэнийг хэлэхэд надад зүгээр л нэг энд тэндээс урилга заллага аваад, арга хэмжээнд уриг­даад, энд тэнд очиж ухаантай үг хэ­лээд явах үнэхээр таалагддаггүй юм. Яг юуг барьж авч, ямар үр дүн гаргах вэ гэдэг л өөрөө надад их сонин санагддаг.

Сэтгэгдлүүд : 1

  • ehwRhoBg

    Xu E, Gong Y, Gu J, Jie L, Ajani JA and Wu X <a href=http://tadalafi.cfd>buy generic cialis online safely</a> The term metabolites refers to compounds e

Сэтгэгдэл оруулах

урлан