Ардчилалын аранзал туг Элбэгээ

    Хамгийн хэцүү зүйл түүний тухай бичих юм байна. Хам­гийн нээлттэй, хамгийн ил амьдарсан түүнийг хамгаас илүү мэддэг юм шиг атлаа яг барьж аваад “зуръя” гэхэд бийрээ хэмлэн ингэтэл эргэцэж байгаагаа гайхаж сууна. Түүнд асуулт тавьж болно. Тэр бүгдэд хариулна. Түүнийг шүүм­жилж болно. Тэр бүгдийг өнгөрөөнө. Харин…

    Сэтгүүлчийн хувьд сэтгүүл зүйн хүрээнээс төрсөн энэ том хүний хөргийг бичих нэр төрийн хэрэг. Чингэвч тө­рийн зүтгэлтнүүд дотроос амьддаа алдар суугаа бүтээ­сэн түүн шиг домогт хүнийг нэгэн дор, нэгэн амьсгаагаар би­­чих гэж оролдох нь хэтэрхий гэнэн явдал.

     

    Учир нь тэр цахилсан адуу шиг, цохилсон зүрх шиг Цахиагийн Элбэгдорж шүү дээ.

     

    АРДЧИЛЛЫН ХОНХ

     

    Талын монгол оронд ардчиллын цас бударсан тэр өв­лөөс хойш хориод жил өнгөрчээ. Тэгэхэд би 18 тай байлаа. Үнэгэн лоовуузтай Элбэгээ үгээ хэлсэн өвөл шүү дээ.

     

    Тархины минь бичлэгэнд тодоос тод хадгалагдан үлдсэн түүний жирийн биш жигүүрт үгс. Урьд өмнө хэзээ ч, хэнээс ч сонсч байгаагүй ид шидийн гэмээр илбэт үгс.

     

    Санаандаа үлдсэн тэрхүү сонин содон, басхүү сэтгэл зүр­хийг соронзон мэт татсан мэдэгдлүүдийг нэхэн са­нахад тэр чигээрээ шинэ монголын түүх нүдний өмнө жи­рэл­­зэн урсах шиг болдог. Тэрхүү түүхэн үе олон хүнийг да­­гуулж ирсэн ч Элбэгдорж тэдний дундаас туг мэт дэр­вэж, гал мэт дүрэлзэн ялгарсан юм. Хурц саруул үгсээрээ хот­лыг сэрээх үүргийг тэрэн шиг гүйцэтгэж байсан нь үгүй.

     

    …Сайн цагийн түрүү ирж байна. Хүн бүр хүний бодлоор, хүний албадлагаар биш өөрийнхөөрөө амьдрах цаг ирж явна. Их түүхийн ээдрээт нугачаанд олдсон энэ үүлэн чөлөөний нар шиг алтан хормыг алдах эрх та бидэнд байхгүй. Энэ хормыг түүх та бидэнд өгчээ…Тэрний амнаас унасан үгсээс надад хамгийн анх цээжлэгдсэн нь энэ. Өөрийнхөөрөө амьдрах цаг ирж явна гэсэн үг хичнээн сонин сонсогдож байсан гэж санана. Өнөөдрийн 18-тай хүүхдэд ийм үг торж тогтох ч үгүй биз. Гэвч бид ийм л нийгэмд төрж өссөн шүү дээ.

     

    …Ардын төр, ард түмний эрх чөлөө хаана байна вэ…

     

    …Дарангуйлагчийн хийсэн алдааг дарангуйлагч өөрөө биш ард түмэн төлдөг юм…Аймаар ч юм шиг. Радиогоор явдаг “хүсэлтийн хариу”нэвтрүүлгээс шинэ дуу бичиж ав­сан шиг гэгэлзэж явсан утга учир муутай арван наймхан нас минь гэнэт ийм үг сонсоод үнэхээр гайхан цочирдож хү­лээж авсан юм. Айх, гайхах зэрэгцэн ойлгож ядаж бай­сан ч улам л Улаанбаатар тийш чих тавьдаг болж билээ.

     

    “Ямар нэгэн гайхалтай юм болох гээд байх шиг. Оюутан болсон бол тэнд байж, юу болж байгааг нүдээрээ харах­гүй юу. Ёстой азгүй юм аа” гэсэн өрөвдмөөр өгүүл­бэрүүдийг өдрийн тэмдэглэлдээ бичин үлдээснээ эргэн уншихаар нэг зүйл их тод буудаг.Тэр нь Ц.Элбэгдорж энэ­хүү цангинасан мэдэгдлүүдээрээ монголын залуу насыг хот хөдөөгүй буцалгаж орхисон явдал юм.

     

    …Малчин монголчууд шөлний хонины өргөдлөөр нэг­дэлд уяатай байх ёсгүй. Малыг малчдад…Амины мал өсч, малчид маань малжиж, мартагдсан өвөлжөө бууц өнгөө олж, сарнисан саахалт сэргэж, холдсон хот айл ойртох цагийг та бид үзнэ…Тийм ээ. Энэ үгсийг Элбэгдорж анх хэл­сэн. Удалгүй нэгдэл, нэгдлийн дарга хоёр төлөгний цо­холт­тойгоо хамт дурсамж болон хувирсан юм. Ой са­намжийн хальс ийнхүү хөврөнө. Нэгдлийн мал даган хамж­лага шиг явж ирсэн малчдад малыг нь хувьчилж, малчин түмний хийморийг мандуулж өгсөн энэхүү гавъяаг эдүгээн саятан малчид мартсан ч байж мэдэх юм.

     

    …Мал эзэндээ очсоноор монгол орон өнгө зүсээ засч байна…Төд удалгүй тэр ийн мэдэгдэж байлаа. Одооны мянгат малчдын хүүхдүүд ойлгох ч үгүй байж мэдэх хачин сонин амьдрал. Гэвч ийм үе байсан.

     

    …Монгол улсын хэлбэр төдий байсан тусгаар тогтнол сэргэж байна…

     

    …Монголын Төр ард түмнээсээ уучлалт гуйсныг, ууч­лал гуйж байгааг уламжилж, хэлмэгдэгсдийн дурсгалыг тол­гой мэхийн хүндэтгэж байна. Энэ бол монголын төр, ард түмэн, хойч үе та бид хэлмэгдэгсдийг зөвхөн хэлмэг­дэг­сэд байсан бус, улс Монголынхоо төлөө жинхэнэ тэм­цэг­чид байсныг хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл юм…

     

    …Орон сууцыг нь иргэддээ үнэгүй хувьчилна…Ардчиллын хонх ийнхүү хотыг, улсыг минь сэрээн цангинаж байлаа. Талын монголыг гүн нойрноос сэрээн дуурсаж байлаа.

     

    …Ирээдүй өнөөдрөөс эхэлж байна, залуус аа. Аль ч үед залуучууд ирж яваа цагийн элч төлөөлөгчид байсан юм…

     

    …Монгол улс ардчиллыг зөвхөн хэлбэрийн хувьд хуул­сан орон бус, агуулга тогтол­цооных нь хувьд хэрэгжүүлж чадсан орон болох ёстой…

     

    Түүхийн давалгаа нүдний өмнө жирэлзэнэ. Он оноор ондоо болон хувьсаж байсан монгол орны амьдрал уншиг­дах шиг. Цахиагийн Элбэгдорж ийнхүү монгол орныг тахиан дуу шиг сэрээж явсан юм. Тэр бол цангинан, дуурсан цуу­райтсан ардчиллын хонх билээ.

     

    Энэ мөчөөс хойш улс эх орноо, ард түмнээ сэрээх сэ­рүүлэг, жингэнэх хонх, ханги­нах дуу нь болж ирсэн энэ түүхэн хүний амнаас унасан, индрээс нисгэсэн үг болгоныг эх орон нь элгээн даран сонсдог болсон юм.

     

    Элбэгээ яахав дээ ам фи­гур, уран жиргэгч, хоосон чалчигч гэж зарим өрсөлдөгчид нь түүнийг үгүйсгэдэг. Гэхдээ хуучин монгол нэн шинэ монгол болж, нэгдэлд зүтгэж нэхий дээлтэй дагжиж явсан малчид мянгат малчид болцгоосон нь баримт. Дарга нар, даргын хүүх­дүүдэд л байдаг байсан гадаад паспортыг ардчиллынхан ар­дууддаа авч өгсөн нь баримт. Орон сууцыг иргэддээ үнэгүй хувьчилсан нь баримт. Барим­тыг барьж үзэхээс айдаг улс харин байдаг байж мэдэх юм. Нэг талаар ардчилсан нийгэм ард түмнээ мартамхай,танхил болгодог ч байж мэдэх юм.

     

    Ц.Элбэгдорж сэрээгчийн үүргээ өнөөдөр ч гүйцэтгэсээр яваа. Үүний хамгийн тод жишээ шинэ оны өглөө ард түмэндээ хандаж хэлсэн түүний үг юм. Мэдэгдэл нь цацагдаж байхдаа л монголыг бүхэлд нь өөртэйгөө хамт дүрэлзүүлчихдэг ийм лидер өөр байхгүй.

     

    Догдлол, хүсэл тэмүүлэл, дотоод шаталтаар дүүрэн түүний мэдэгдэл монголын нийгмийг араасаа хуйлруулан дагуулдаг юм.

     

    Хаана ч явсан Элбэгээгийн цоглог дуу хоолой, татах хүчээр дүүрэн хүчирхэг ярианд нь ард түмэн чихээ наачихдаг. Тэр ингэж олны сэтгэлд оршдог билээ.

     

    АРАНЗАЛ ТУГ

    Машинист,засварчин хүр­тэл хийж явсан энэ хүн манай улсын Ерөнхий сайдаар хоёр ч удаа ажиллаж байсан гэхээр бахархмаар байгаа биз. Жирийн нэг малчин айлын найман хүү­гийн отгон нь болж энэ хорвоод ирсэн нь ч сонин санагддаг. Жар­галын найман морь шиг Цахиа гуайн хөвгүүдээс хам­гийн содон, хамгийн сод хүү нь Элбэгдорж биз. “Эрдэнэт” үйлд­вэрт засварчин, машинист, ардын армид байлдагч, Эв­лэлийн үүрийн дарга явсан Элбэгээ Армиас ЗХУ-ын Львов хотын ЦУТДС-д явж суралцан цэргийн сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн юм. Хойноос ирсэн шинэхэн сэхээтэн “Улаан од” сонинд сурвалжлагч болж бай­лаа. Тэр бас “Ардчилал” сонины эрхлэгч байсан. АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зо­хион байгуулах улсын комис­сын дарга, Монгол улсын ерөн­хий сайд, намын дарга, ахиад ерөнхий сайд гээд тэр хү­ний намтар шиг эрчилсэн бу­цалсан, давалгаалсан амьд­рал байх­гүй.

     

    Ямартаа ч Америкийн нэгэн муж даяар Монголын ардчил­лын алтан хараацай Ц.Элбэг­доржийн өдрийг тэмдэглэж байхав. Америкт өөрийн өдрийг тэмдэглүүлсэн анхны монгол хүн бол тэр юм. 1994 оны долду­гаар сарын 08-ны өдрийг АНУ-ын Дакота муж улс даяар энэ хүний өдөр болгон тэмдэглэсэн нь түүний намтарт байдаг олон сонин баримтуудын нэг болон үлдсэн. АНУ-д алдарт Харвар­дын их сургуулийг дүүргэн ирс­нээсээ хойш тэрбээр ахин монгол улсын ерөнхий сайдаар ажилласан юм. Түүн шиг хоёр удаа ерөнхий сайдын албыг хашсан лидер байхгүй. Гагцхүү аранзал туг шиг дэрвэж, алтан соёмбо шиг асч явах Элбэ­гээгийн тавилан л ийм байж чадах биз.

     

    АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш ирэхдээ түүнд онцгой дотны хүндэтгэл үзүүлсэн нь түүний өрсөлдөгчдийг шээс алдуулах шиг болж билээ. Ерөөс монголын улс төрд түүн шиг олон “дайсан”-тай, түүн шиг олон фентэй лидер байхгүй ч юм шиг. Тэр галын шугамны ард биш дотор нь дүрэлзэж явдаг хүн учраас энэ биз. Тэр төрийн албыг хөшигний ард биш хөшгийг нь хуу ярж, хаалга цонхыг нь дэлгэж байгаад хашдаг онцгой нэгэн. Түүнийг ирэхээр монголд эрх чөлөө тавирах шиг болж, чөлөөт хэвлэл халуун тэвэрт орох шиг болдог нь үнэн.

     

    АМЬДДАА БҮТЭЭСЭН АЛДАР СУУ

    Ихэнхи зүтгэлтэнд алдар суу нь хожим оногддог. Харин Элбэгээ амьддаа алдар суугаа бүтээсэн. Ноднин жилийн наад­маар түүнийг осолд орсон ту­хай мэдээ түгэхэд монгол орон тэр чигтээ санаа сэтгэлийн үйм­­рэлд орсон. Гэмтлийн эм­нэлгийн хашаанд тран­шей­ных­наас өгсүүлээд таксины жолооч нь хүртэл гүйн ирж байлаа. Энгийн олон түмэн, тө­рийн түшээд, хүүхэд хөгшидгүй пиг дүүрч Элбэгээг минь аварч өгөөч гэж бурхан тэнгэрээс гуйж байхыг хараад бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан. Ард түмэн Элбэгээд хайртай болохыг, Ард түмэн Элбэгээг ардчиллын сүмбэр оргил гэж үздэгийг тэгж бид мэдэрсэн.

     

    Дэлхийн өнцөг булан бү­рээс түүнд эрүүл энхийг хүссэн цахиалгаан ирж байв. Энэ бол домог юм. Ийм домгийг түү­нээс өөр хэн ч бүтээж чадахгүй.

     

    Ц.Элбэгдоржоос монгол хүний төрөлхийн хурц зөн билэг үнэртэж байдаг. Тэрний хэлсэн болгон биелдэг. Тавуулаа байна. Эргэж ирэхдээ бид та­виулаа болж ирнээ гээд чуул­ганы танхимаас гарч байсан Элбэгээ тавиулаа ирж байсан. Хэлэх үг нь хэнгэрэг цан шиг авилгачдыг дагжуулж байдаг болохоор түүнийг энэ төрөөс холхон байлгахыг хүсэгчид цөөнгүй байдаг. Яагаад ч юм хувийн гэх амьдралыг нь со­нирхох шаардлагагүй хүн энэ төрд тэрнээс өөр байхгүй юм шиг надад санагддаг. Чин үнэндээ бид түүнийг эх орны хүн байхыг нь л харж заншсан. Эгэл хүний ертөнцийг нь нэг маань ч сонирхож байгаагүй. Уг нь тэр чинь, Та дурламтгай юу гэсэн асуултад Тийм байх гэж хариулж чадсан, Хадам ээж гэж хэн бэ гэхэд Манай хүүхдийн эмээ гэж инээмсэглэсэн, Та хөшөө болохыг хүсдэг үү гэсэн тэнэг асуултад Би өвөө болохыг хүсдэг гэж хариулсан урам зори­ггүй үедээ цонхоор ширтдэг, улирал солигдохыг үзэх нь амьдралын агуу сайхан агшин гэж шүүрс алддаг энгийн сайхан эр хүн юм шүү дээ.

     

    Гэхдээ л хувь хүнийхээ хувьд хэн болох нь бараг харагддаггүй ч байж мэдэх энэ хүн дээр хувь хүн гэх ойлголт ямар ч сонирхолгүй санагддаг юм. Яагаад гэвэл түүнийг бид манай Элбэгээ л гэдэг. Дэлхий бол харин Монголын Элбэгээ гэдэг. Ийм утганд шилжиж авч үзэгдэх нь хэн билээ, хэд ч билээ дээ, тээ…

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан