Б.Тамир: БИД МОНГОЛЧУУДЫН ЦАХИМ ХИЛИЙН ХАМГААЛАГЧИД

    interview magazine>ХАТАГТАЙ

    Компьютер, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “iTools” компани нь 2011 онд үүсгэн байгуулагдаж, 2012 оноос эхлэн домэйн нэрийн бүртгэл, веб хост, сервер байршуулалт, виртуал серверийн түрээс, и-мэйл сервисийн ашиглалт зэрэг интернэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйчилгээг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст үзүүлж байгаа. Одоогийн байдлаар 30 гаруй нэр төрлийн бүтээдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг. 7000 орчим үйлчлүүлэгчтэй тус компанийн гүйцэтгэх захирал Баярсайханы Тамир хэмээх эмэгтэйг “Хатагтай” булангийн зочноор  урьсан юм. Дашрамд дурдахад Монголд олон нийтэд нээлттэй компаниуд нэлээд бий. Харин ийм компанийг удирдан ажиллаж буй дөрөвхөн бүсгүй бий бөгөөд тэдний нэг нь Б.Тамир.

    -Та бол IT, тэр дундаа датагаар дагнан үйл ажиллагаа явуулдаг, Монголдоо бол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц хувьцаат компанийг удирддаг. Уг нь бол огт өөр мэргэжлийн хүн гэж сонссон юм байна. Та ямар мэргэжлээр, ямар сургууль төгссөн юм бэ?

    -Туркийн Фатех их сургуулийг улс төрийн удирдлага, нийгмийн бодлого зохицуулалт мэргэжлээр дүүргэж ирээд “Элит” сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байхад нэг найз маань нэмэгдсэн өртөгийн албан татварын  системийг шинэчилж урамшуулал олгодог болохоор төслийн нэгж байгуулагдаж байгаа тухай дуулгаад очиж ярилцлаганд орохыг санал болгосон юм. Ингээд тус төсөл дээр санхүүгийн судалгааны чиглэлээр ажилласнаар IT-ийн салбарт орсон. Удалгүй төсөл маань ч дууссан. “Майкрософт” компанийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр сургалт явуулдаг “Эмпасофт” гэдэг мэдээлэл технологийн сургалт явуулдаг компани байдаг. Тэднийхээс сургалт хариуцсан менежерээр ажиллаач гэсэн санал тавьсны дагуу хоёр жил ажиллаж дараа нь мэдээлэл технологийн “iTools” компанийн гүйцэтгэх захирал болох  санал ирсэн. Нөхөртэйгөө зөвшилцөөд саналыг хүлээн авснаас хойш уг албыг хашиж байна.

    -Улс төрийн удирдлагаар сурсан хүн  IT-ийн салбарт ороход хэцүү байсан уу?

    -Надад тохиосон боломж болгоныг л ашиглаж яваад л орсон. Энэ салбарт удирдах ажил эрхэлж буй тэр тусмаа эмэгтэй хүн бол бүх талын чадвартай байх ёстой. Би өөрөө аль болох биеэ дайчлах ёстой гэсэн зорилготой.

    -Яагаад энэ салбарыг эмэгтэй хүнд тохиромжгүй гэдэг юм бол?

    -Надад бол хүнд санагддаггүй. Манай салбарт ажилладаг хүмүүсийн соёл гэж бий. Ерөнхийдөө бол их дотогшоо, компьютерийнхаа ард суухаараа л амьдрал, мэргэжлээсээ таашаал авдаг хүмүүс ажилладаг. Тэдэнтэй хялбархан ойлголцож чадаж байгаа учраас надад ямар нэгэн хүндрэл гардаггүй юм болов уу. Ер нь энэ салбарт эмэгтэй захирлууд маш цөөхөн байдаг. IT-ийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын 90 гаран хувь нь эрэгтэй захиралтай. Сүүлийн үед манай салбарыг  эмэгтэйчүүд их сонирхох болж системийн инженер, админ бүсгүйчүүдийн тоо нэмэгдэж байгаа.

    -Та түрүүн энэ салбарын хүмүүс компьютерийнхээ ард суухаар л амьдрал, мэргэжлээсээ таашаал авдаг гэж ярьлаа. Миний бодлоор энэ нь хэт нэг тал руугаа хөгжсөний илэрхийлэл юм шиг.

    -Оюуныхаа бүтээлийг компьютероор дамжуулан гаргаж чаддаг хүмүүс гэх нь зүйтэй байх. Нэг тал нь хэт давамгайлсан гэж би хэлж чадахгүй. Түрүүн би, дийлэнх нь дотогшоо хүмүүс гэж хэлсэн нь эдгээр хүмүүсийн зан чанарын онцлог юм.

    -Хэдийгээр компьютероор дамжуулан өөрийнхөө чадварыг гаргадаг ч гэсэн нийгэмдээ орох, нийгэмших гэдэг бол их чухал л даа. Ер нь аль зэрэг нээлттэй хүмүүс вэ? 

    -Маш дотогшоогоо, хаалттай. Гэхдээ өөрийгөө нээсэн хүндээ бол жинхэнэ утгаараа нээлттэй байж чаддаг тийм л хүмүүс. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс гэр бүлтэй, ажилтай, ажилдаа дуртай байна. Тэгэхлээр сайн нийгэмшиж байна гэж боддог.

    -Та Туркт их сургууль төгссөн. Тэгэхлээр турк хэл их сайн мэддэг байх.

    -Би 10 жилээ Турк-Монголын хамтарсан сургуулийг дүүргэсэн. Туркт магистраа хамгаалахдаа ч гэсэн хэлний бэлтгэлд суугаагүй, шууд л турк хэл дээр хичээлээ үзээд маш богино хугацаанд буюу нэг жилд сургуулиа амжилттай төгссөн. Турк хэл маань Алтайн язгуурын хэл болохоор өгүүлбэрийн бүтэц зэрэг нь монгол хэлтэй их төстэй.

    -Таны бодлоор амжилттай яваа эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлэх вэ?

    -Миний хувьд өөрийгөө ойлгуулж чаддаг, бусдыг ойлгодог тийм л эмэгтэй. Гэр бүлдээ, хань ижилдээ, хамт олондоо өөрийгөө ойлгуулах, эргээд тэднийгээ ойлгодог байх. Өндөр түвшний харилцааны чадварыг эзэмшсэн, түүнийгээ амьдралд ашиглаж, хэрэгжүүлж чаддаг эмэгтэйг хэлэх болов уу. Түүнээс биш мөнгөтэй, эд хөрөнгөтэй, өндөр албан тушаалтай хүнийг бол амжилттай эмэгтэй гэж хараахан хэлэхгүй байх.

    -Таны удирдлага дор хэдэн хүн ажилладаг вэ?

    -30-аад залуу ажилладаг. Дийлэнх нь 25-28 настай. Залуучуудтай ажиллахад яагаад ч юм надад хялбар байдаг. Тэдэнтэй нэг баг болох, тэднийг удирдах, санал санаачилга гаргуулах, эргээд тодорхой хэмжээний эрх мэдлийг нь өгөөд, гараас нь бүтээмж гаргуулах нь хэцүү санагддаггүй. Яагаад гэхээр би тэднийг ойлгож, бас өөрийгөө ойлгуулж чаддаг. Тиймээс ажил явуулахад хүндрэл гараад байдаггүй. Би ажлаа аваад компанидаа нээлттэй байх соёлыг нэвтрүүлсэн. Ингэснээр ажилтнууд маань хоорондоо харилцах, санал бодлоо солилцоход төвөггүй болсон.

    -Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд Монголын мэдээлэл технологийн салбарын ирээдүйг хэрхэн харж байна?

    -Монголд мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа гэж боддог. Мэдээжийн хэрэг манайд олон жилийн хоцрогдолтой зүйл ч байна, дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцээд алхаж байгаа зүйл ч бий. Дэвшилтэт технологийн шийдвэрүүд, шинэ бүтээгдэхүүнүүд байна. Гадаадын улс орнууд руу манай залуус олноороо очиж ажиллахаар явдаг. Үүнийг хүчтэй шүүмжилдэг, эсрэг байр суурьтай байдаг. Энэ нь манайд тухайн боловсон хүчний чадварын үнэлэмж доогуур байгаатай холбоотой. Мэдээлэл технологийн салбарын хүний нөөц маш дутагдалтай байгаа. Нийт их, дээд сургууль төгсөгчдийн 10 хүрэхгүй хувь нь мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байна. Төгсөгчид маань гадаадын компаниудад ажилд орчихдог. Тэднийг оюутан байхад нь давхар ажиллуулаад, хэл сургаад, тэтгэлэг олгоод төгсөхөөр нь авдаг. Тиймээс манайд энэ салбарын боловсон хүчин дутагдагтай. Салбарын хөгжил удаашралтай байгаа нь мөн үүнтэй холбоотой юм шиг санагддаг. Уг нь бол манай салбар төрийн оролцоо маш багатай болохоор маш хурдан хөгжих бүрэн боломжтой. Гэхдээ төр салбарын хөгжилд нь саад болдог тохиолдлууд элбэг байдаг. Тодруулбал төр, хувийн хэвшил хоёрын хооронд өрсөлдөөн бий болчихдог. Жишээ нь манайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг Үндэсний дата төв байна. Тэд  өөрсдөө төсвөө бүрдүүлэх ёстой учраас яалт ч үгүй хувийн хэвшлийн дата өгөгдлийг хадгалах үйлчилгээ үзүүлдэг. Ихэнхи тохиолдолд хувийн хэвшил өрсөлдөөнд ялагдал хүлээдэг. Төрд мөн өрсөлдөөнд ялагдсан хувийн хэвшлүүд маань гадаадын консалтинг, мэдээлэл технологийн компаниудтай өрсөлдөх хүчгүй болж татан буугдах тохиолдлууд ч байсаар байна.

    -Энэ чиглэлийн оюутнуудыг гадаадын компаниуд төгсөхөөр авчихдаг гэж та хэллээ. Тэгэхээр нь манайд энэ чиглэлээр оюутнуудыг сайн бэлдэж байна гэж ойлгож болох уу?

    -Маш сайн боловсон хүчин бэлтгэгдэж байгаа гэж хэлж чадахгүй. Мэдээлэл технологийн чиглэлээр сурч байгаа оюутнуудад биеийн тамир, орос хэл гэх мэт хичээлүүдийг оруулах хэрэггүй юм шиг санагддаг. Үүний оронд мэргэжлийн хичээлийг нь илүү гүнзгийрүүлж үзүүлэх нь зүйтэй байх. Мэргэжлийг нь илүү нарийвчлан төрөлжүүлж сургаасай гэж боддог. Манай их дээд сургуулиуд бол программ хангамж, мэдээллийн технологи гэсэн хоёр мэргэжлээр л сургаж байгаа. Гэтэл мэдээллийн технологи гэдэг нь дотроо асар их зүйлээс бүтдэг систем, сүлжээ, аюулгүй байдал, хиймэл оюун ухаан г.м.

    -Танай компанид ажилладаг залуус их, дээд сургуулиа ихэвчлэн хаана төгссөн бэ?

    -Бүгд Монголдоо, гэхдээ боловсролоо дээшлүүлэх, магистр зэрэгт дандаа гадаадад сурсан чадварлаг залуучууд байдаг.

    -Та түрүүнд хиймэл оюуны талаар цухас дурдсан. Сүүлийн үед энэ талаар дэлхийд нэлээд яригдах боллоо. Хиймэл оюун ухаан гэдэг нь технологийн хөгжлийн талаас нь аваад үзэх юм бол үнэхээр том дэвшил. Гэтэл нийгэмд хэт их давамгайлаад ирвэл бас их сөрөг талтай юм байх гэж бодогдох юм.

    -Үүн дээр би нэг юм хэлмээр санагдлаа. Одоогоос 20 жилийн өмнө Монголд интернэт хэрэгтэй юу гэдэг асуудлаар нийгэмд маш том мэтгэлцээн болж байсан. Гэтэл өнөөдөр интернэт гэдэг хүн бүрийн хэрэглээ болчихлоо. Найман настай хүүхдээс наян настай буурлууд хүртэл хэрэглэж байна.Үүнтэй яг адилхан. Хиймэл оюун ухаан, блокчейн технологи, үүлэн тооцооллын технологи гээд энэ бүхнээс яавал хоцрохгүй байх вэ гэдэг дээр бид сайн бодох хэрэгтэй. Хор уршгийн талаар бодоод суух цаг бидэнд байхгүй. Технологи хөгжихийн хэрээр улс орны соёл бага багаар өөрчлөгддөг. Гагцхүү түүнд дасан зохицох, ялгарах ялгаагаа олж харж чаддаг байх нь чухал.

    -Та компанийнхаа тухай жаахан дэлгэрэнгүй яриач.

    -Манай компани нь дата төвийн үйлчилгээ үзүүлдэг. 2017 онд IPO хийгээд олон нийтэд нээлттэй компани болсон, Монгол Улсад мэдээллийн технологийн салбартаа цорын ганц олон нийтийн компани. Дата гэхээр хүмүүс хэтэрхий нүсэр зүйл гэж ойлгоод байдаг. Дата гэдэг нь өгөгдөл юм. Өнөөдөр бидний гар утсаараа авч байгаа зураг хүртэл дата болдог бөгөөд түүнийг л бид хадгалдаг. Өөрөөр хэлбэл бид датаг хадгалж хамгаалж байна гэдэг нь Монгол Улсын иргэн бүрийн эрхийг, цахим хил дээр үргэлж хамгаалж байна гэсэн үг. Энэ нь бараг л хүнсний аюулгүй байдлыг хангахтай агаар нэг. Дата бол шавхагдашгүй нөөцтэй, ундарч буй баялаг. Ийм л их баялагтай уурхайд тасралтгүй, зогсолтгүй ажиллаж байна даа.

    -Тэгэхлээр танай компанийн ажилтнууд дуртай дата руу орж үзэх боломжтой гэсэн үг үү?

    -Тэгэх ямар ч боломжгүй. Учир нь тэр датад хандах эрх нь зөвхөн эзэмшигчдэд л байдаг. Манай инженер болон админуудын компьютер болон бүх системүүд дээр хийгдсэн үйлдэл, тавьсан цэг, таслал бүрийн лого бүртгэгдэн хадгалагдаж архивлагддаг. Ялангуяа манайх шиг олон нийтийн компани дээрх датаг олон нийт өөрсдөө хамгаалж байдаг гэсэн үг. Манайд Монголын нийт веб сайтын зах зээлийн 60 орчим хувь нь манайд хадгалагдаж байдаг. Топ групп компаниуд ч гэсэн дата өгөгдлөө манай дээр байршуулдаг. Сүүлийн жил бид боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн датанд онцгойлон ач холбогдол өгч байна. Яагаад гэвэл энэ салбарын системүүд эрүүл байгаасай гэж хүссэн дээ юм. 

    -Тэгвэл хамгаалалт аль зэрэг вэ?

    -Сүүлийн үеийн техник технологийн дэвшлийг шингээсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лиценз, программ хангамж, тоног төхөөрөмжүүдийг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хэрэглэж, сайжруулалтыг тогтмол хийж байдаг.Тийм болохоор манайд дата төвд байршдаг мэдээллүүд аюулгүй байдаг гэдэгт би 100 хувь итгэлтэй байдаг.

    -Энэ их ажлын хажуугаар гэр бүлдээ аль зэрэг цаг зав гаргаж байна?

    -Эмэгтэй хүн байгалиасаа олон төрлийн ажлыг зэрэг хийх чадвартай төрдөг юм шиг. Өөрөө болон бусад эмэгтэйчүүдийг анзаараад байхад гэр орныхоо, албаныхаа бүх л ажлыг зэрэг амжуулаад явдаг юм шиг. Үүнд мэдээж гэр бүлийн хүний дэмжлэг маш чухал. Харилцан ярилцаж, ажлаа хуваарилж, ойлголцох нь хамгийн чухал. Амралтын өдрүүдийг л 100 хувь гэр бүлдээ зориулахыг хичээдэг. Сайн хань, сайн ээж байх боломжтой цаг хугацаа маш хомс.

    -Та гэр бүлээ танилцуулаач?

    -Миний нөхөр бид хоёр адилхан нэртэй. Хоёлаа Тамир. Нөхөр маань бизнесийн удирдлагаар Туркт мастерийн зэрэг хамгаалсан. Одоо бол хувиараа бизнес эрхэлдэг. Манайх долоон настай нэг охинтой.

    -Цаг зав гаргаж манай сэтгүүлд ярилцлага өгсөнд баярлалаа.


     

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан